Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Монголын багш нарын 47 дахь баярыг тохиолдуулан нийслэлийг хөгжүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан багш, ажилтнууд болон өөрийн биеийг үл хайрлан бусдын амь насыг аварч цусаа харамгүй бэлэглэдэг трансфизилогичдын холбооны хүндэт доноруудыг шагнаж урамшууллаа. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн багш Ш.Бямбасүрэн, Мэргэжлийн сургалттай биеийн тамир спортын дунд сургуулийн багш, дасгалжуулагч Б.Гунгаа нарыг “Хангарьд” одонгоор, БЗД-ийн 55-р сургуулийн багш Я.Туяа, СБД-ийн 71-р сургуулийн багш Ю.Цогзол нарын 12 хүнийг Нийслэлийн ИТХ-ын Хүндэт тэмдгээр, СБД-ийн 71-р сургуулийн багш Б.Энхтуяа, СБД-ийн 25 цэцэрлэгийн багш М.Гэрэл-Од нарын 8 хүнийг “Хүндэт өргөмжлөл”-өөр, СБД-ийн 25-р цэцэрлэгийн туслах багш Н.Ичинхорлоо, СБД-ийн бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч С.Дуламсүрэн нарыг “Хүндэт үнэмлэх”-ээр тус тус шагналаа.
Энэ үеэр О.Шагдар, Ж.Долгорсүрэн нарын 6 буурайд хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулсан юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга одон медалиар энгэрээ мялаалгасан нийт багш, ажилтан, доноруудад сар шинийн баярын мэнд хүргэж, энэ хүндэтгэл нь та бүхний хүүхэд, залуучуудын оюунд оруулсан үнэтэй хувь нэмрийг тань үнэлж, бүтээлч ажлыг урамшуулсан нэгэн үйл хэрэг юм шүү хэмээн онцоллоо.
No comments:
Post a Comment