Хотын төвийн бүсэд газар олгохгүй, нэмж барилга барихгүй
гэсэн зарчим барьж байгаа гэсэн. Тэгэхээр орон сууцны 200 айлын хөтөлбөр
хэрэгжихээр хаана газар олгох юм бэ?
-Улаанбаатар хотын төвд барилга барих газар бараг байхгүй ээ. Үлдсэн
жаахан газартаа барилга бариад шавах биш тохижуулъя, дэд бүтцийн
асуудлыг нь шийдье. Дулаан, бохирын гээд шугам сүлжээ татах газар
байхгүй боллоо шүү дээ. Шинээр хотын төвд барилга бариулахгүй, тиймээс
хотын зах руу барь. Тэгж байж хотыг тэлнэ. 1300 гаруй га дотроо
чихцэлдэж амьдраад байх хэрэггүй, дэд бүтцээ сайжруулж, хотоо тэлж
амьдарцгаая. Байгууллагуудад барилга барих бол хотын захаар барь гэсэн
шаардлага тавьж байгаа.
-Хотыг дахин төлөвлөх гэж байгаа гэл үү?
-Үүнд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон байна. Хүмүүс ч зөв
шаардлага тавих болсон байна. Баянгол, Дүнжингарав гээд олон хороолол
баригдаад ашиглалтад орж байна. Гэтэл тэнд нэг ч цэцэрлэг, сургууль
баригдаагүй байх жишээний. Тэгэхээр энд дахин төлөвлөлт хийе. Наад
өгсөн газруудаа дахиж хяна. Ийм олон хороолол барьчихаад яахаараа
сургууль байдаггүй юм. Хот төлөвлөлтийн стандарт байх ёстой. Тэдэн оршин
суугчидтай, тэдэн хүүхэдтэй орон сууцны хороололд тэдэн сургууль,
цэцэрлэг байгуулах шаардлагатай гээд төлөвлөөд д барих газрыг үлдээх
учиртай. Төлөвлөлт хийгээд газрыг нь үлдээсэн тохиолдолд улсын төсвийн
хөрөнгөөр сургууль, цэцэрлэгийг бариад явах шаардлагатай байна. Гэтэл
өнөөдөр ямарч нүх сүв үлдээхгүй шигүү хотхон олноор барьчихаад дунд нь
цэцэрлэг, сургууль барих газар байдаггүй. Тэгээд эцэг, эхчүүд нь хотын
төвийн сургууль, цэцэрлэгт хүүхдээ өгөх гээд шавж түгжрэл нэмэгдэх нэг
шалтгаан болж байна. Энэ байдлыг өөрчлөхийн тулд дахин төлөвлөлт хийх
шаардлагатай гэж үзэж байгаа. Сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг нь
улсын төсөвт суулгаж, ирэх жилээс барьж эхэлье.
Улаанбаатар хотыг хөгжүүлнэ гэдэг зөвхөн барилга, байшин барихыг
хэлэхгүй ээ, төрийн үйлчилгээг ард түмэнд ойртуулж, Баян хошуунд амьдарч
байгаа хүн Улаанбаатар хотын төвд ирж төрийн үйлчилгээ авдгийг болиулах
хэрэгтэй байгаа. Тиймээс төлөвлөлт зайлшгүй хэрэгтэй байна.
-Гэр хорооллын иргэд энэ удаагийн НИТХ бидний амьдрах орчин
нөхцлийг өөрчлөх дорвитой ажил хийх байх гэж хүлээж байгаа. Юунаас ажлаа
эхлэх вэ?
-Бид нар сонгуулиар гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийднэ гэж
амалсан. Мэдээж, үүнийг нэг, хоёрхон жилийн дотор хийчихгүй. Ирэх
жилээс гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажлыг эхлүүлнэ. Нөгөөтэйгүүр
бүгдийг эд нар хийнэ биз гээд хараад суухгүй, өөрсдөө сэтгэл санаагаараа
нэгдээд хороо, хашаагаараа газраа дахин ингэж төлөвлөе, энд нь зам
барья, дэд бүтцэд ингэж холбуулъя гэсэн зөвшилцөлд хүрч санаачилга
гаргахыг иргэддээ уриалж байна. Иргэдийн энэхүү оролцоог нь төр дэмжиж,
Улаанбаатар хотын захиргаанаас архитекторын зураг төслийг нь гаргаад,
дэд бүтцийг хөгжүүлэх техникийн шийдлийг нь гаргаж өгөөд шийдэж болохоор
байгаа юм. Дахин онцолж хэлэхэд, иргэд өөрсдөө хүсч, санаачилга
өрнүүлж, зүтгэвэл илүү орчноо хурдан өөрчилж тохилог болгох боломжтой.
Хотоос бид очоод та нарыг ингээд, тэгээд өгмөөр байна гээд хүчлэх,
албадах нь хэцүү. Жишээ нь 100 айл ийм төлөвлөлт хиймээр, үүнд төсөл
хэрэгжүүлээч гэсэн санаачилга өрнүүлээч ээ. Энэ есдүгээр сарын сүүлчээс
НИТХ-ын дэргэд Иргэдийн оролцооны алба байгуулна.
Энэ албаныхан
бүх гэр хорооллоор явж, тодорхой санал тавина. Та бүхэн орчин тойрноо
яаж сайжруулах гэж байна, хотын зүгээс ийм зүйлийг хийж чадна, та бүхэн
ийм асуудлаа дотроо шийдээч гэсэн ухуулга явуулна. Та бүхэнтэйгээ
хамтдаа л гэр хорооллынхоо орчин нөхцөлийг сайжруулж, хөгжүүлж чадна.
-Сэргэлэн, түрүүлж эвлэж нэгдсэн иргэд л улсын төсвийн
хөрөнгөөр дэд бүтцээ шийдүүлээд, асуудлаа шийдвэрлүүлэх юм байна гэж
ойлгож болох уу?
-Яг тийм. Урьд нь хүмүүс удах тусам миний газар үнэ хүрнэ гэсэн бодолтой байсан байх.
Одоо бол хэн овсгоотой, дэд бүтцээ шийдүүлэх гэж санаачилга өрнүүлсэн нь хожино шүү гэдгийг хэлье.
-НИТХ-ын хуралдаанаар газартай холбоотой асуудал хэлэлцэх
үед МАН-ын төлөөлөгчид 14 хоногийн хугацаатай завсарлага авснаар
гацлаа. Улстөр яваад байна уу, үгүй юу?
-Орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний
удирдлагын тухай хууль бий л дээ. Үндсэн чиглэл, хөтөлбөр батлуулна
гэсэн заалтууд байгаа. Гэхдээ мөрийн хөтөлбөрийг үнэндээ ард түмнээр
батлуулсан гэж миний хувьд ойлгодог. Зургадугаар сарын 28-нд ард түмэн
саналаа өгөхдөө сонголтоо хийгээд баталсан. Бид нийслэлийн сонгуульд 5А
гэсэн хөтөлбөрийг дэвшүүлснийг түмэн олон санаж байгаа. Агаарын
бохирдолгүй, аюулгүй, авлигагүй, ажилтай, орлоготой гээд. Ажил явах гол
хөшүүрэг бол санхүүжилт.
Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд төсөвт тусгаж, санхүүгийн
асуудлыг шийдэх учиртай гэж үзэж байгаа. Засаг даргын мөрийн хөтөлбөрийг
Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уяж, тодорхой санхүүжилтийг төсөвт
суулгах нь чухал.
МАН-ын төлөөлөгчид ойлгомжгүй зүйл яриад байгаа юм
. Засгийн газрын болон Засаг даргын мөрийн хөтөлбөр тусдаа гэх нь
утгагүй. Монгол Улс нэгдмэл шүү дээ. Засгийн газрын бодлоготой бид
бодлогоо заавал уялдуулах шаардлагатай. Засгийн газар гэр хорооллыг дэд
бүтэцжүүлэхгүй гэвэл яах вэ?
Ингэж хандвал бидний зорилт биелэхгүй.
Улаанбаатар хотын хувьд дэвшүүлсэн томоохон зорилт заавал Засгийн
газрынхтай уялдаж байх учиртай. Хот зөвхөн өөрийн хүчээр хийнэ гэвэл
хүчин мөхөстөнө. Тиймээс Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдсны дараа
бид нар түүнтэй уялдуулж,хотынхоо мөрийн хөтөлбөрийг батлах хэрэгтэй
гэж бодож байна.
Нийслэлийн төсөвт тодотгол хийхгүй байна гэж
МАН-ын төлөөлөгчид шүүмжилж байна. УИХ-аар 2012 оны Монгол Улсын төсөвт
тодотгол хийх гээд хэлцэгдэж байна. Парламентаар төсвийн тодотгол
батлагдсны дараа НИТХ түүнийг хараад хоттой холбоотой ямар санхүүжилт
танагдав гэдгийг харж, ямар өөрчлөлт хийх вэ гэдгээ хэлэлцэх учиртай.
Энэ бүгдийг мэдсээр байж МАН-ын төлөөлөгчид шалтаг хайж газрын асуудлыг
гацаах нь өөр учиртай болов уу гэж харж байгаа. Улс төр хийхээ
багасгаад хамтдаа ажлаа хийх нь дээр.
No comments:
Post a Comment