Friday, February 22, 2013

Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо Иргэний Танхимтай боллоо

“Шууд ардчилал – Иргэдийн оролцоо”-гоор дамжуулан төвлөрлийг сааруулж, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, авилга, хүнд суртал зэрэг сөрөг үзэгдлүүдтэй тэмцэх, ардчиллыг улам бүр гүнзгийрүүлэн бэхжүүлэх талаар Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлага, Монгол төрийн бодлогыг дэмжин Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын Газраас хэрэгжүүлж байгаа олон төсөл, арга хэмжээний нэг нь Улаанбаатар Хотын Нийтийн Ахуй Үйлчилгээг Сайжруулах Төсөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Хорооны Иргэний Танхим” төсөл юм. Дээрх төслийн хүрээнд бусад хороодоос анх удаа Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо “Иргэний Танхим”-тай болж, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга,  болон тус дүүргээс сонгогдсон  НИТХ-ын төлөөлөгчид оролцсон бөгөөд  НИТХ-ын дарга Д.Баттулга тус арга хэмжээг  нээж  хэлсэн үгэндээ: Өнөөдөр СХД-ийн 7-р хороо нь Иргэний танхимтай болж байгаа нь шууд ардчиллын зарчмаар төрийн үйл хэрэгт та бүхний  оролцоо,хяналт нэмэгдэх боломж бий боллоо. Тиймээс иргэд та бүхэн нийслэлийн төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлэн, өөрсдийн асуудлуудаа иргэний танхимаар дамжуулан бидэнд уламжлаарай гэж онцолсон юм. Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон тус хорооны иргэд ч нийслэлийн удирдлагуудад дуу хоолойгоо илэрхийлэх бүрэн боломж бий болж байгаад талархалтай хандаж байгаагаа илэрхийлж байлаа

Tuesday, February 12, 2013

Сар шинийн золголт

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхан Билгийн тооллын XVII жарны Тийн ялгуусан хэмээх усан могой жилийн шинийн гуравны билэгт өдөр Хангарьд ордонд золгоцгоолоо. Нийслэлийн харъяа газар, алба агенлагийнхан оролцсон сар шинийн золголтод үе үеийн хотын дарга нарыг урин авчирсан нь урьд өмнө болж байгаагүй онцлог үйл явдал болсон байна. Хотын ахмад дарга нар хотын удирдлагуудад талархлаа илэрхийлж, хийж бүтээхээр эхлүүлсэн ажилд нь амжилт хүслээ.


Thursday, February 7, 2013

Мэндчилгээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын  эрхэм хүндэт Иргэн танаа!
Ирж буй XVII жарны  “Тийн ялгуусан” хэмээгч Усан могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өлзий дэмбэрэл дүүрэн энэ өдрийн мэндийг хүргэж, амар мэндийг айлтгая.  
Эргэх дөрвөн цагийн аясыг тольдон амьдрал ахуйгаа тэтгэсээр ирсэн монголын ард түмний уламжлалт их баяр сар шинэ ирлээ. Монголчууд бид ёс уламжлалаа дээдлэн, азай буурлуудаа хүндэтгэж, сайн үйл, сайхан ерөөл билэгдлээр ирж буй жилээ угтдаг эртний сайхан заншилтай .

Wednesday, February 6, 2013

Могой жил нийслэлчүүдэд бүтээн байгуулалт ундарсан , амжилтын эхлэл байх болно.

Энэ удаагийн « Нийслэлийн зочин » буландаа НИТХ-ын дарга Д.Баттулгыг урьж, ярилцлаа.

-Удахгүй cap шинийн баяр болох гэж байна. Гарч буй могой жилд хотын өнгө ямар байх бол. Энэ талаарх бодлоо хуваалцахгүй юу?
-Cap шинийн баяр гэдэг монголчуудын уламжлалт ёс заншил, ёслолын өдөр. Мөн энэ баяраар бид бүтән жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, ирж байгаа онд юу хийж бүтээхээ төлөвлөдөг. Өөрөөр хэлбэл, хувь хүн бүр өөрийнхөө ажил, амьдралыг сонжиж, үнэлэлт өгдөг үе шүү дээ. Гарч буй могой жил нийслэл хотод маань өнтэй, өгөөжтэй, үр бүтээлтэй жил болох байх.

Нийслэлийн багш нарт хүндэтгэл үзүүллээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Монголын багш нарын 47 дахь баярыг тохиолдуулан нийслэлийг хөгжүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан багш, ажилтнууд болон өөрийн биеийг үл хайрлан бусдын амь насыг аварч цусаа харамгүй бэлэглэдэг трансфизилогичдын холбооны хүндэт доноруудыг шагнаж урамшууллаа. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн багш Ш.Бямбасүрэн, Мэргэжлийн сургалттай биеийн тамир спортын дунд сургуулийн багш, дасгалжуулагч Б.Гунгаа нарыг “Хангарьд” одонгоор, БЗД-ийн 55-р сургуулийн багш Я.Туяа, СБД-ийн 71-р сургуулийн багш Ю.Цогзол нарын 12 хүнийг Нийслэлийн ИТХ-ын Хүндэт тэмдгээр, СБД-ийн 71-р сургуулийн багш Б.Энхтуяа, СБД-ийн 25 цэцэрлэгийн багш М.Гэрэл-Од нарын 8 хүнийг “Хүндэт өргөмжлөл”-өөр, СБД-ийн 25-р цэцэрлэгийн туслах багш Н.Ичинхорлоо, СБД-ийн бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч С.Дуламсүрэн нарыг “Хүндэт үнэмлэх”-ээр тус тус шагналаа.