Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн Баянзүрх дүүргийн алслагдсан захын гэр хорооллын 23 дугаар хорооны иргэд, оршин суугчидтай 2013 оны гуравдугаар сарын 16-нд уулзаж, тэдний саналыг сонсон ярилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа энэ алслагдсан гэр хорооллын дүүрэгт ирж уулзаж байгаад иргэд ихэд талархаж байлаа. Тэд хүүхдийн сургууль, цэцэрлэг хүрэлцээгүйг онцлон дурдаж, Улиастай, Хужирбулан, Гачууртын дунд өвчтөн хэвтэж эмчлүүлэх эмнэлэгтэй болох, зам засварын ажлыг нөхөөс төдий хийдэг нь ганцхан жилийн дотор эргэж ховхордог, автобусны зарим буудлын байршил оновчгүй, газрын зөвшөөрөлгүй, гэрэл цахилгаангүй айл өрх олон, ажилгүйдэл их, хорооны нутаг дэвсгэрийн заагийг нарийн тогтоож өгөх шаардлагатай, хүүхэд, залуус тоглох талбай, иргэдэд үйлчилдэг соёлын төв хэрэгтэй байгаа талаар саналаа хэлэв. Мөн Тамхины эсрэг хууль сайн хэрэгжиж эхэлж байгаад баяртай байна. Одоо архины эсрэг ийм хатуу хууль гаргах шаардлагатай байна гэж Ерөнхийлөгчид хэлж байлаа.
Дүүргээс нь УИХ-д сонгогдсон гишүүд иргэд сонгогчидтойгоо уулздаггүй талаар иргэд Төрийн тэргүүндээ дуулгаж байсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдийн байр суурь, саналыг сонсож, тэдний олон асуултад хариулт өгөхийн зэрэгцээ “Баянзүрх дүүрэг бол 280 мянган хүн амтай Монгол Улсын хамгийн том засаг захиргааны нэгж. Монгол Улсын 2,8 сая хүн ам 10 Баянзүрх дүүрэгтэй тэнцэнэ. Баянзүрх дүүрэгт орон нутгийн хөгжлийн сангаас 4,4 тэрбум төгрөг хуваарилсан. Үүнийг иргэдийнхээ оролцоо, саналын үндсэн дээр юунд зарцуулахаа шийдэх ёстой. Иргэд санаачилгатай байж өөрийнхөө амьдралыг дээшлүүлэх чиглэлээр ажилламаар байна. Цаашид халамжийг хавтгайд нь биш, тэтгэврийнхэн, хүүхэд, оюутан, хөдөлмөрлөх чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 20-40 насны залуу ээжүүд гэсэн таван бүлэг хүмүүст чиглүүлэх бодолтой байгаа” гэж онцлон дурдав.
Батхүүгийн Уртнасан:
-Алслагдсан
дүүрэгт Монгол Улсын Ерөнхийлөгч ирж хөдөлмөрчидтэй уулзаж байна. Монгол
Улсын Ерөнхийлөгч хүн шууд хороон дээр ирж хөдөлмөрчидтэй уулзаж
байгааг анх удаа үзлээ. Ялангуяа алслагдсан дүүрэгт маш их анхаарал
тавьж, уулзаж байгаа нь 23 дугаар хорооны иргэдийг хүндэтгэж ирлээ гэж
ойлгож байна. Ингээд таньд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Их баярлалаа.
Таныг Ерөнхий
сайд байхад М.Энхболд “Улаанбаатар” санд шалгалт оруулна гэснээс болж
огцруулж байсан. Тэгэхэд олон эхчүүд, олон өвгөчүүд, ардчиллыг дэмждэг
олон хүний нүднээс нулимс гарсан шүү. Та буухдаа “Бид олуулаа эргэж
ирнэ” гэж хэлсэн.
Та Монгол Улсын
Ерөнхийлөгч болоод төрийн хүнд суртал, авлига, хээл хахуулийн талаар
дорвитой ажил хийсэн. Ялангуяа хөдөлмөрчдийг хүлээж авах, нээлтэй
байлгах, захидал харилцаа, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр уулзаж байгаад
Монголын хөдөлмөрчид их баярладаг шүү.
23 дугаар хороо
бол маш их алслагдсан хороо. Энд эмнэлгийн тусламж их хэрэгтэй байна.
Хонхор, Гачуурт, Хужирбулан, Улиастайг нэгтгэсэн шинжилгээ авчихдаг,
тусгай нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжтэй иж бүрэн эмнэлэг барьж өгвөл
маш их хэрэгтэй. Хужирбулангийн эрүүл хөрсийг бохирдуулахаас өмнө
Гачууртаас ирж байгаа цэвэр, бохир усны шугамыг айлуудад татаж өгөх
асуудлыг шийдэж өгмөөр байна. Авлига, хээл хахууль, хүнд суртлын талаар
Засгийн газарт маш их шаардлага тавьж ажиллаасай гэж хүсч байна.
Тогоохүүгийн Бямбажав:
-Ерөнхийлөгч
таныг анхдагч болж манай хороонд ирсэнд тун их баярлаж байна.
Ерөнхийлөгчийн ивээл дор миний ач хүү Дөлгөөн байсан. Одоо энд ирээд
сууж байна. Хүүгээ би өнгөрсөн наймдугаар сард авчирсан. Сайхан өсгөж
хүмүүжүүлж өгсөнд тун их баярлаж явдаг шүү. Өөрөө Амбаа аавтайгаа
золгоно гэж ирсэн юм шүү.
Ванчиндоржийн Намхайнямбуу:
-Би МоАХ, МоАН-ын
анхдагч гишүүний нэг. Хууль, цагдаагийн байгууллага шударга иргэнийг
үзэхгүй байна. Анхан шатанд сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байна.
Дондогийн Бямбасүрэн:
-23 дугаар хороо
15600 хүн амтай, 11 хэсэгтэй. Хороонд хүүхдийн цэцэрлэг маш их хэрэгтэй
байна. Ойрын хугацаанд цэцэрлэг бариулах хэрэгтэй байна. ХААН, Хадгаламж
банкны аль нэгийг Улиастайд байрлуулж өгөх хэрэгтэй байна. Горхины ард
280-300 нэн ядуу, эмзэг бүлгийн хүн амьдарч байгаа. Газрын зөвшөөрөлгүй,
тогтой, тоггүй өрхүүд байна. Тэдэнд газрын зөвшөөрлийг шийдэж өгвөл
яасан юм бэ.
Хандиймаагийн Оргой:
-Нэг эрэгтэй дүү
маань Монголд эмчилгээгүй гэсэн. Зүрхний хүнд хагалгаа хийлгэх учиртай.
Өртөг маш өндөр. Новосибирскт хийлгэвэл арай дээр юм уу гэж бид бодож
байгаа. 35 сая төгрөг гэсэн. Дөрвөн үүрэн телефоны операторт хандивын
данс нээлгэх гэхээр дөрвөн сар гарахаас нааш бүгдээрээ эзэнтэй болсон
байна. Цааш цаашдаа ч бусад хүмүүст ийм асуудал тохиолдоно. Монгол хүн
өвчтэй хүнээ аврахын төлөө яах вэ гэсэн санал оруулмаар байна. Мөн Шар
дэлгүүрийн буудал гэдэг автобусны буудлын байршил оновчгүй байгааг
шийдүүлмээр байна.
Балжирын Отгонбаяр:
-Би бол цэргийн
ахмад сэтгүүлч хүн. Ерөнхийлөгч та энэ өдрийг сонгож мотобуудлагын анги,
салбар он удаан жил суурьшиж байсан, үе үеийн цэргийнхэн нутагшиж
суурьшсан энэ хэсэгт цэргийн баярын өмнө ирсэн нь таатай санагдаж байна.
Ахмад дайчдаа төлөөлж баярласнаа илэрхийлье. 23 дугаар хороо бол хүн ам
олон, зүүн аймгаас иргэд олноороо нүүж ирж суурьшсан хороо. Засаг
захиргааны бүтэц, нэгж хуучнаараа тул бүтцийн өөрчлөлт дахин дөрвөн
жилээр ухрах янзтай байна. Хамгийн чадварлаг бүрэлдэхүүн анхан шатны
нэгжид баймаар байна.
23 дугаар хороо
бол гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороход хамгийн дөхөм, хамгийн
магадлалтай хорооны нэг. Энэ 87 дугаар сургуулийн баруун талыг дахин
төлөвлөөд гоё сайхан хаус хороолол болгох боломжтой.
Ерөнхийлөгч та
мөн Кибер аюулгүй байдлын тухай хууль боловсруулахад анхаарал хандуулаач
ээ гэж хүсч байна. Би таны твиттерийн дагалдагчдын нэг “Хоточ банхар”
байна. Харамсалтай нь интернэт сүлжээнд халдагчид сүүлийн үед олширлоо.
Хадаасангийн Ичинхорлоо:
-Гуравдугаар
сарын 16-нд 23 дугаар хороонд ардчилсан Ерөнхийлөгч ирж ард түмний санал
бодлыг авч уулзаж байгаад баяртай байна. Дарга цэрэг гэлгүй ингэж
уулзаж санал бодлоо солилцож ажил төрлөө явуулбал улс нийгэм амархан
хөгжинө гэж баярлаж суудаг. Би хөгшинтэйгөө 1989 оноос ардчиллыг дэмжиж,
Бат-Үүл дарга, ардчиллын алтан хараацайнууд өлсгөлөн зарлаж байхад очиж
ямар учиртайг нь ойлгож мэдэж байсан. Түүнээс хойш 20-иод жил АН-ын
гишүүн явж байна. 1990 онд авсан Элбэгдорж даргын гарын үсэгтэй үнэмлэх
одоо ч байгаа. Одоо хөгшинтэйгөө хоёулаа тэтгэвэрт.
Улиастайн аманд,
Баатархайрханы бэлд 500 чацаргана, хүнсний ногоо тарьж байгаа. Гэтэл
улаан шугаманд орсон гээд газрын гэрчилгээ өгөхгүй байна. Тэнд 285 айл
байна. Бүгд тоггүй, газрын гэрчилгээгүй, зам нь намагтай. Тог, зам хоёр
шийдэж өгөөч. Заавал засмал гэхгүй хайрган зам тавьж өгмөөр байна.
Равдангийн Алтангэрэл:
-23 дугаар хороон
дээр гайхалтай, үлгэр жишээ болохоор уулзалт болж байна гэж хүндэтгэж
сууна. 1990 онд дөрвөн хүүхэдтэй эхчүүдийг улс даяар тэтгэвэрт гаргасан.
Одоо тэдний тэтгэврийн хэмжээг нэмэх хэрэгтэй болсон байна. Утаагүй
болгох арга хэмжээг утаа гаргадаггүй улиралд нь шийдэж өгч баймаар
байна.
Хэнзийн Галмандах:
-Энд Монгол Улсын
Ерөнхийлөгч анх удаа ирж уулзалт хийж байна. Энэ бол үнэн. Н.Багабанди
найман удаа ирж байсан. Яаж ирж байсан бэ гэхээр ахынх нь энд байдаг.
Дандаа цагаан сараар нэг их хүчлэн хамгаалалт, хэдэн зуун цагдаатай
найман удаа ирсэн. Гэхдээ ард түмэнтэй уулзаж байсангүй. Ардчилсан
Ерөнхийлөгч ард түмэнтэйгээ ойрхон байдаг жишгээрээ ирж уулзаж
ардчиллынхаа үнэт зүйлийг хамгаалж ирж байгаад Баянзүрхийн нийт ард
түмэн баярлаж байгаа. Энэ дүүргийн орон нутгийн сонгуульд өмнөх 23 жилд
ардчилал ялж үзээгүй, 2012 оны сонгууль ардчилалд ивээлтэй байж
ардчилагчид үнэмлэхүй ялсанд баярлаж талархаж явдгаа хэлье.
Оюутолгойн
гэрээнд оновчтой эрх зүйн орчин бүрдээгүй гэдэгт би шүүмжлэлтэй ханддаг.
Үндэстэн дамнасан корпорацийн эзэдтэй Монгол Улсын Засгийн газар гэрээ
байгуулсныг ойлгохгүй байгаа. Гэрээг Монгол Улсын Ерөнхийлөгч батлаад
Засгийн газар цаад корпорацтай гэрээ хийвэл эрх зүйн хариуцлагатай болох
юм. Ерөнхийлөгчийн мод тарих хөдөлгөөнийг дэмждэг. Энэ хавар
Ерөнхийлөгч энд ирж мод тарьж болно шүү. ИТХ-ын 45 гишүүний тарих модыг
бэлтгэж өгч болно.
Ишдоржийн Чойжилжав:
-Ерөнхийлөгч ирж
уулзаж байгаад маш их баяртай байна. Манайх бол захын хороо. Хорооны дэд
бүтцийг сайжруулах, инженерийн шугамтай болгох хүсэлт байна. Өндөр
настны иж бүрэн эмнэлэг хэрэгтэй байна. 1950-иад онд барьсан 10 байр
гэдэг байрыг засч янзлах бүлэг байгуулаад байгаа. Энэ талаар дэмжлэг
хэрэгтэй байна.
Тамара:
-Эмзэг бүлгийн
талаар хэрэгжиж байгаа хөтөлбөр тааруу байна. Монгол Улс ядуу, баян,
дундчуудтайгаа хамт хөгжих ёстой. Монгол хүний үнэлэмжид анхаарах
хэрэгтэй.
Дуламжавын Дамдинсүрэн:
-УИХ-ын 76-д
хэлмээр юм байна. Тэд яагаад Ерөнхийлөгчийн үгийг шигшиж аваад
хэрэгжүүлдэггүй юм бэ. Ерөнхийлөгчийг ард түмэн сонгосон шүү. Тэднийг
хэдхэн хүн сонгосон шүү. Үүнийг бодмоор юм. Тамхины хуулийг манай иргэд,
залуучууд маш их сонор хүлээж авсан. Маргааш нь биелүүлж эхэлсэн. Ажил
зохиовол ард түмэн хүлээж авахад бэлэн байгаа шүү, Ерөнхийлөгч өө.
Энхсайхан:
-Хотын захын гэр
хорооллыг хөгжүүлэх сан гэж ТББ байдаг. Танилцуулгыг сая та бүхэнд
өгсөн. 1999 оноос хойш 23 дугаар хорооны хөгжлийн төлөө ажиллаж ирсэн
байгууллага байгаа юм. Хорооны нийт иргэдийг идэвхжүүлж, өрхийн хамтын
хүчээр бүх асуудлуудыг шийдэх боломж байгаа. НҮБ-ын хүүхдийн сангийн
шугамаар хэрэгждэг нийгмийн цогц суурь үйлчилгээний хөтөлбөрөөр
дамжуулаад 23 дугаар хорооны иргэдийг идэвхжүүлэх сургалтуудыг явуулж,
эрүүл мэнд, дэд бүтцийг хөгжүүлэх боломжтой. Австралиас Монголын
цахилгаан станцуудын чадварыг нэмэгдүүлэх төслийн санал ирсэн. Өрхийн
хөгжлийг дэмжих чиглэлээр хамтарч ажиллаач, иргэд үүнд оролцооч гэж хүсч
байна.
Цэрэнгийн Цэрэнжав:
-Хорооны нутаг
дэвсгэрийн зааг, хязгаарыг тодотгох шаардлагатай байна. Голын ай сав
дотор дөрвөн хорооны иргэд нийлээд аль нь хаанахынх нь мэдэгдэхгүй шахам
амьдардаг. Булагаас хойш буусан айлуудын дэд бүтцийг хөгжүүлэх, газрын
асуудлыг шийдэх асуудал байна. Хуучин цэргийн анги байхад соёлын хоёр
сайхан төв байсан. Одоо хаана, хэний мэдэлд байгаа нь мэдэгдэхээ
больсон. 350 хүний суудалтай клуб байна. Нийслэлийн Соёлын газрын мэдэлд
байдаг гэдэг ч эзэмшил тодорхой биш. Үүнийг цэгцэлж иргэдэд үйлчилдэг
Соёлын төвтэй болох хэрэгтэй байна.
Баянжаргалын Жамбал:
-Хорооны хурлын
зарыг тараадаггүй, санал шүүмжлэл хэлсэн хүнийг дараагийн хуралд
оруулдаггүй байдал манай хороон дээр гардаг байсан. Дүүрэгт ардчилсан
хүчин сая ялсан. Одоо хүнийг ялгаварлахгүй байх аа.
Сандагийн Төөдөө:
-Уурын
зуухыг өрхүүдтэй холбож дулаан өгүүлэх тал дээр анхаарч өгөөч. Авто
замыг жил болгон нөхдөг. Тэр нь хэд хоноод эргээд ховхорч унадаг. Ингэж
бие биеэ хуурмааргүй байна.
Цэрэннадмидын Нандинцэцэг:
-Ерөнхийлөгч
ирсэнд маш их баярлалаа. Хүүхдийн цэцэрлэгийн асуудал хүнд байдаг. Шинэ
эцэст газар авсан ч цэцэрлэгээ бариагүй. Хуучин эцсийн цэцэрлэг нэг
ангидаа 60-70 хүүхэдтэй. Залуучууд ажил хийе гэхээр хүүхдээ хараад
гэртээ суухаас өөр аргагүй. Олон хүүхэдтэй хүмүүст төрийн бодлогыг
чиглүүлмээр байна. Гэр хорооллын хүүхдэд тоглох талбай алга. Хороо бүрт
хүүхэд, залуус тоглодог хөгжлийн төв баймаар байна. Хогны асуудал хүнд.
Нэг хороо ганц машинтай. Хогоо ачиж дийлэхгүй байна. Хороонд дор хаяж
4-5 машин байлгамаар байна.
Сонгогдсон УИХ-ын
гишүүд иргэдтэйгээ ирж уулзахгүй байна. Хоёр удаа сонгогдсон Д.Ганхуяг,
Д.Арвин, Ж.Батзандан нар сайхан үг хэлж УИХ-д гарч ирээд иргэдтэйгээ
уулзахгүй байна. Золбин нохой их. Устгахгүй байна. Тамхины хууль шиг
Архины хууль гаргавал архидалт багасахаар байна.
Тогтохын Алтанбалсан:
-Та бүхнийг ирж
ард иргэдтэй уулзсанд баярлалаа. Хорооны ажилгүй иргэдийг нас
харгалзахгүй, хөдөлж чадаж байгаа бүгдийг цуглуулж тогтмол ажилтай
болгох нэг санал байна. Гудамж, хашаа хороог тэгшлэх, зам талбайг
зүлэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх ажил байна. Үүнийг дэмжиж өгвөл сайн байна.
Архины үйлдвэрлэлийг багасгавал архидалт багасна. Хорооны хэсгийн дарга нарын цалинг нэмж өгмөөр байна.
Сүхбат:
-Нам гэж
явцуурдгийг хойш тавимаар байна. Ажлын байр хэрэгтэй байна. Гэр
хорооллыг барилгажуулах төлөвлөгөөнд Улиастайг оруулж өгөх хэрэгтэй
байна. Нам дор тэгш газар байна. 10 байрны орчмын газар бэлэн байна. Хог
ихтэй, тэр дотор нохой хүүхэд холилдож амьдарч байна. Гэр хорооллоос
амьдралыг цогцлоож хөгжүүлэх хэрэгтэй байна. Горхийн арын айлуудад зам,
гэрэл хэрэгтэй байна.
Жамбалын Янжмаа:
-Хамгийн их оршин
суугчтай дүүрэг ганцхан эмнэлэгтэй. Улиастай, Хужирбулан, Гачууртын
дунд өвчтөн хэвтэж эмчлүүлдэг эмнэлэг байх хэрэгтэй байна. Чанаргүй дээд
сургууль олширсон. Дунд мэргэжилтэй хүний цалин бага тул эцэг эхчүүд
хүүхдээ дээд боловсролтой болгох гэж байдгаа барж, өрөнд баригдаж их,
дээд сургуульд оруулдгаас чанаргүй олон сургуультай болсон.
Дүүргийн шинэ
Засаг дарга сайн ажиллаж байгааг хэлье. Хүнийг намаар ялгахгүй сайхан
хүлээж авдаг. Өмнөх дарга сонгуульд ялах гэж хүний толгой эргүүлж
зөвшөөрөлгүй газар баахан айл буулгасан.
Гомбын Цэвэлмаа:
-Хүүхэд,
залуучуудын хүмүүжил, улсын төсвийн зарцуулалт, утаа гуравт ихээхэн
анхаарах хэрэгтэй байна. Нөөцийн махыг хэдэн тэрбум төгрөгөөр бэлтгэлээ
гэж дуулддаг. Гэтэл нэг тэрбум төгрөгийн үнэтэй мах муутгаж хаялаа гэж
дуулдсан. Гэтэл юу ч үгүй ард түмэн олон л байна. Төсвөөс хэдэн тэрбум
төгрөг зарж чанаргүй мах бэлтгэж цөөхөн хүн дундаас нь завшдаг байдал
өмнө нь гарч байсан. Үүнд хяналт шалгалт хэрэгтэй.
No comments:
Post a Comment