Улсын маань нийслэл Улаанбаатар хотын иргэд Та бүхэндээ нийслэл хотын 374 жилийн ой, нийслэлийн өдрийн мэндийг дэвшүүлье. Үүсэн байгуулагдаад дөрвөн зууны нүүрийг элээсэн, эсгий туургатны нийслэл Улаанбаатар хот маань арвин баялаг түүхтэй бөгөөд үүссэн цагаасаа хойш монголын нийгмийн улс төр, соёл, эдийн засгийн гол төв байж, өдрөөс өдөрт жилээс жилд өргөжин тэлж өнөөдөр 374 жилийнхээ ойтой золгож байна.
1639 онд Түшээт хан Гомбодоржийн хүү болох Занабазарыг Халхын шарын шашны тэргүүнд өргөмжлөн Өргөө байгуулан өгснөөр Улаанбаатар хотын маань үүсэл тавигдсанаас хойш олон газар бууриа сэлгэж, нэр зүсээ сольж өөрчилж ирсээр өнөөдрийн Улаанбаатар хот маань бүрэлдэн тогтсон байдаг билээ. Улаанбаатар хот маань 1778 онд Их хүрээ нэртэйгээр Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож хүн чулуун хөшөөгөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойхно хэсэгт 1994 онд дурсгалын хөшөө босгож, улмаар дурсгалын цогцолбор болгон өргөжүүлж, гол билгэдэл Мэлхийт хөшөөнд үе үеийн нийслэлийн удирдлага, иргэдийн хамт нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай юм. Бид нийслэл Улаанбаатар хотынхоо үүсч байгуулагдсаны 374 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ нийслэлийн иргэддээ чиглэсэн, иргэдээ урамшуулсан, иргэдийг оролцуулсан олон бүтээлч ажил, уулзалт, уралдаан, тэмцээн, үзэсгэлэн зэрэг иргэдийн оролцоонд тулгуурласан арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ нийслэлийн шинэчлэлийн багаас хийсэн ажлаа дүгнэх, хийх ажлаа төлөвлөх, алдаа оноогоо хэлэлцэх өдөр болгон тэмдэглэж байна. Өнгөрсөн жил хот тохижилт, нийтийн тээвэр, хог хаягдал, дэд бүтэц, гэр хорооллыг дахин төлөвлөлт гэх мэт олон чиглэлээр бүтээн байгуулалтын ажлыг хийж, тодорхой үр дүнд эхнээсээ хүрч байна. Нийслэлийн иргэдийн дуу хоолойг сонсож, тэдний санал хүсэлтийг гарах шийдвэр, хийх бүтээн байгуулалт, бүтээлч ажилдаа тусгаж байгааг иргэд таатай хүлээн авч байгаа бөгөөд нийслэлийн дүүрэг, хороодод нийт 42 газарт Иргэний танхим, Иргэний оролцооны хэлтэс байгуулагдан ажиллаж эхлээд байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч хэдхэн хоногийн өмнө нийслэл хотын хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцаж, нийслэлийн удирдлагуудтай уулзахдаа иргэдийн оролцоонд тулгуурлаж шийдвэрээ гаргах, гаргаж гэж буй шийдвэрийн төсөл, гаргасан шийдвэрээ таниулан сурталчлах, санал авах ажлаа улам эрчимжүүлэх, ил тод нээлттэй байх талаар зөвлөсөн. Бид ч энэ талд цаашид анхаарч, Иргэн таны дуу хоолойг сонсож, таны санал хүсэлтэд тулгуурлан ажиллах болно. Одоогоор иргэдийн оролцоог хангах чиглэлээр нийслэлийн дүүрэг, хороодод нийт 42 газарт Иргэний танхим, Иргэний оролцооны хэлтэс байгуулан, Улаанбаатар сонсож байна лавлагаа мэдээллийн төвийг нээж ажиллуулаад 1 жил өнгөрөхөд Улаанбаатар хотын иргэдийн 7 хүн тутмын нэг нь санал хүсэлтээ хэлсэн байна. Мөн нийт 100589 дуудлагын 56,7 хувийг иргэдийн хүсэлт, 35,7 хувийг гомдол, 6,7 хувийг иргэдийн санал, 0,6 хувийг иргэдийн талархал эзэлж байна. Энэ нь нийслэлийн иргэд Та бүхний шууд ардчиллыг дэмжиж, нийслэлийн хөгжлийн төлөө хамтдаа урагшлах их урам зориг гэж бид үнэлж байна. Нийслэл маань өдрөөс өдөрт өнгө засч, хөгжин дэвшихэд иргэд Та бүхний санал санаачилгад тулгуурласан оновчтой шийдвэр, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлон тэмдэглэж хэлмээр байна. Нийслэлийн иргэддээ нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 374 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэхийн ялдамд хүн бүр, иргэн бүр, айл бүрийн амьдралд аз жаргал, инээд баясал, хөгжил дэвшлийг хүсэн ерөөе. 2012 оны 7 дугаар сарын 9-нөөс 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл нийт 3 удаа ээлжит бус хуралдаан, 12 удаа ээлжит хуралдааныг хуралдуулж, 45 тогтоолыг баталсан байна. Тэргүүлэгчдийн хуралдааныг 32 удаа хуралдуулж, 177 асуудал хэлэлцэн 188 тогтоолыг гарган хэрэгжүүлж байна.
Нийслэлийн 374 жилийн ойн баярын мэндийг хүргэе. |
No comments:
Post a Comment