Monday, October 22, 2012

Нийслэлийн лавлагаа мэдээллийн төв иргэдэд үйлчилж эхэллээ

Нийслэл 373 жилийнхээ ойн баярыг Нийслэлийн иргэдийн баяр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Баярын хүрээнд  нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг иргэдэд илүү ойр  хүртээмжтэй болгож, иргэний оролцоог нэмэгдүүлэн, шууд ардчиллыг хөгжүүлэх зорилгоор “Улаанбаатар сонсож байна” нийслэлийн лавлагаа мэдээллийн төвийг нээлээ. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүл хэлсэн үгэндээ: Нийслэлийг хөгжүүлэх бодлого, шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог хангах, нийслэлд шууд ардчиллыг  хөгжүүлэхийн төлөө хотын удирдлагууд өмнөө томоохон зорилт тавин ажиллаж байна.
Үүний нэг нь өнөөдрийн та бидний үйл ажиллагааг нь эхлүүлж байгаа “Улаанбаатар сонсож байна” – Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн төв юм. Энэхүү төв маань ИРГЭН – ХОТ-ыг холбох өөрчлөлт шинэчлэлтийн гүүр болж ажиллана гэж онцолсон юм.  Тус төвийг  мэдээлэл технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшлийг ашиглан байгуулж  байгаа бөгөөд иргэд Монгол улсын хаанаас ч  утсаа ашиглан Нийслэлийн нутгийн захиргааны  байгууллагуудтай холбоотой асуудлаар  санал хүсэлт, өргөдөл гомдол өгөх, лавлагаа мэдээлэл авах боломжтой юм. Мөн интернэтийн сүлжээг ашиглан дэлхийн өнцөг булан бүрээс   “Улаанбаатар сонсож байна” мэдээлэл лавалгааны төвтэй холбогдох боломжтой. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, “Монгол Улсын Засгийн газраас төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах тухай асуудлыг ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Энэ утгаараа бид иргэдэд үйлчлэх энэхүү төвөө шаардлагатай дэд бүтцийг бүрдүүлж, үйл ажиллагаандаа тодорхой туршлага хуримтлуулж чадсан үүрэн телефоны томоохон оператор болох “Мобиком корпораци” ХХК-тай хамтран хэрэгжүүлж байна” гэдийг цохон тэмдэглэсэн.  Улаанбаатар сонсож байна лавлагаа мэдээллийн төв нь  Иргэд утаснаасаа “Улаанбаатар сонсож байна” нийслэлийн лавлагаа мэдээллийн төвтэй холбогдохын тулд  “1200” тусгай дугаар руу залгах бөгөөд энэ дугаар нь зөвхөн  Иргэдийн өргөдөл, гомдол хүлээн авах утас”-ны үйлчилгээ юм. Энэ үйлчилгээ нэг минут нь 200 төгрөгийн тарифтай. Харин нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаарх бүх төрлийн лавлагаа мэдээллийг 1234 тусгай дугаарлуу холбогдон авч болно.  Энэхүү үйлчилгээнд энгийн тарифаар холбогдоно.

No comments:

Post a Comment