Tuesday, October 29, 2013

Хөгжлийн мод - Дэлхийн Хот Улаанбаатар, №29

НИТХ-ын дарга Д.Баттулгын Нийслэлийн 374 жилийн ойн өдөр Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үеэр хэлсэн үг.

Улсын маань нийслэл Улаанбаатар хотын иргэд Та бүхэндээ нийслэл хотын 374 жилийн ой, нийслэлийн өдрийн мэндийг дэвшүүлье.  Үүсэн байгуулагдаад дөрвөн зууны нүүрийг элээсэн, эсгий туургатны  нийслэл Улаанбаатар хот маань арвин баялаг түүхтэй бөгөөд үүссэн цагаасаа хойш монголын нийгмийн улс төр, соёл, эдийн засгийн гол төв байж, өдрөөс өдөрт жилээс жилд өргөжин тэлж өнөөдөр 374 жилийнхээ ойтой золгож байна.

Thursday, October 24, 2013

Монгол Улсын Ерөнхийлөгч нийслэлийн удирдлагуудтай уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өнөөдөр нийслэл хотын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, А.Ганбаатар, Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, нийслэлийн талаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын орлогчид оролцлоо.
Энэ аравдугаар сарын 29-нд нийслэл хотын өдөр, нийслэлийн 374 жилийн ойг тэмдэглэнэ. Түүний өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч нийслэлийн үйл ажиллагаатай танилцаж байгаад Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга талархал илэрхийллээ. Нийслэлийн шинэчлэлийн баг энэ өдрийг жилийн ажлаа дүгнэх, алдаа оноогоо хэлэлцэх өдөр болгон тэмдэглэхээр болжээ. Үүний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хийж буй ажлаасаа танилцуулав.

Wednesday, October 23, 2013

Мэндчилгээ

Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ!
Улаанбаатар хотын иргэд ээ!
Та бүхэндээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 374 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Нийслэлийн шинэчлэлийн баг нийслэлийн өдрийг жилийн ажлаа дүгнэх, алдаа оноогоо хэлэлцэх өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлээд байгаа юм. Тиймээс өнгөрсөн хугацаанд нийслэл Улаанбаатар хотдоо хийсэн томоохон бүтээн байгуулалтууд, төрийн үйлчилгээний шинэчлэл, онцлох шийдвэрүүдээ түүвэрлэн нийслэлийн иргэд Та бүхэндээ танилцуулж байна.

Tuesday, October 1, 2013

Бангкок хоттой сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ


Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгын урилгаар Тайландын Вант Улсын Бангкок хотын ИТХ-ын дарга Пипат Лаппратана тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод 09 сарын 28-наас 10 сарын 01-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд зочид төлөөлөгчдийг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга хүлээн авч уулзлаа.

Friday, September 27, 2013

Монгол Улсад телевизийн урлаг үүсч, хөгжсөний 46 жилийн ойн мэндчилгээ

Зурагт зулын хойморт заларч, Улаанбаатар хотын иргэд ертөнцийн чимээг дуу, дүрстэйгээр хүлээн авч эхэлснээс хойш  46 оныг үдэж, дуу дүрсний гайхамшиг Монголын ард түмний ертөнцийг харах нүд, сонсох чих болсон байна. Телевизийн урлагийн үүсэл, хөгжлийн түүх болсон МҮОНТ-ийн хамт олон, уран бүтээлчид, инженер техникийн ажилтнууд та бүхэндээ  Монгол Улсад телевизийн урлаг үүсч, хөгжсөний 46 жилийн ойн баярын мэнд хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсэн мэндчилье. Шинжлэх ухааны гайхамшигаар, шинэ мэдээлэлийг хүргэхээр цаг хугацаатай уралдан ажиллаж, телевиз хэмээх шинэ салбарын хөгжлийн түүхийг бичиж яваа та бүхний  гавьяа зүтгэлийг онцлон дурдахад таатай байна.

Tuesday, July 16, 2013

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Нийслэлийн прокурорын газартай хамтран зохион байгуулна.

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн прокурорын газартай 2013-2016 онд хамтран ажиллах хөтөлбөр баталж,хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт НИТХ-ын дарга, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Баттулга, нийслэлийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Бат-Орших нар гарын үсэг зурсан юм. Хөтөлбөрийн хүрээнд иргэдэд хуулийн мэдлэг, мэдээлэл олгох, гэмт хэрэг гарсны дараа бус гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр цогц арга хэмжээ авах, хорих ангид ял эдлээд гарсан иргэдийг нийгэмшүүлэх зэрэг олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Saturday, May 4, 2013

Нийслэлийн 34 хороонд Иргэний танхим байгуулагдлаа

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө
Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ.

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тогтсон уламжлалын дагуу нийслэлийн иргэдтэй уулзаж, санал бодлоо солилцон, сонирхсон асуултад хариулт өгөхөөр хүрэлцэн ирээд байна.

Saturday, March 16, 2013

Алслагдсан гэр хорооллынхон Төрийн тэргүүнд ажил амьдралаа танилцуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн Баянзүрх дүүргийн алслагдсан захын гэр хорооллын 23 дугаар хорооны иргэд, оршин суугчидтай 2013 оны гуравдугаар сарын 16-нд уулзаж, тэдний саналыг  сонсон ярилцлаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Баянзүрх дүүргийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэдтэй уулзсаныхаа дараа буцах замдаа дүүргийн эмнэлгээр орж, ажил байдалтай нь танилцав.
Тус эмнэлгийн ерөнхий эмч Б.Сувдаа угтан авч зарим тасгаараа оруулж товч танилцуулахдаа хүүхдийн тасгийг онцлон үзүүллээ. Тус эмнэлэг тендерээр менежментийн багт хувьчлагдсан. 125 хүүхдийн ортой ч одоо 140 хүүхэд хүлээн авч эмчилж байгаа. Намар 10 дугаар сараас хавар 6 дугаар сарын хооронд эмнэлгийн ачаалал их байдаг гэж тэрээр хэллээ.

Wednesday, March 13, 2013

Орон нутгийн өөрөө удирдах байгууллагаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь сургалт-зөвлөлгөөнд

Орон нутгийн өөрөө удирдах байгууллагаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь сургалт-зөвлөлгөөнд НИТХ-ын дарга Д. БАТТУЛГА-ын тавьсан илтгэл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Лхагвасүрэнгийн гудамж, 2-р давхарт, №213, утас : 70110292, 70110202, факс : 70120292

Monday, March 11, 2013

Орон нутгийн өөрөө удирдах байгууллагаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь - сургалт- зөвлөлгөөний танилцуулга

Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг.
Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Wednesday, March 6, 2013

Монгол улсад үндэсний сэтгүүл зүй үүссэний 100 жилийн ойд

Хором бүр шинэ санаа, шинэ мэдээллийг эрэн хайж нийгмээсээ ямагт нэг алхмын өмнө гишгэж, түмэн олонд мэдлэг түгээдэг гавьяат үйлсийн эзэд Та бүхэндээ Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний түүхт ойн мэндийг дэвшүүлье.

Friday, March 1, 2013

Эх орончдын өдрийг тохиолдуулан шагнал гардуулав

Эх орончдын баярын өдрийг тохиолдуулан НИТХ-ын төлөөлөгч зарим хүнд шагнал гардууллаа. НИТХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” бүлгийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчааг Нийслэлийн хүндэт тэмдэгээр, “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл” бүлгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Н.Баяраа, болон С.Ононбаяр, ажлын албаны дарга П.Гансүх нарыг Нийслэлийн хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагналаа.

Friday, February 22, 2013

Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо Иргэний Танхимтай боллоо

“Шууд ардчилал – Иргэдийн оролцоо”-гоор дамжуулан төвлөрлийг сааруулж, төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, авилга, хүнд суртал зэрэг сөрөг үзэгдлүүдтэй тэмцэх, ардчиллыг улам бүр гүнзгийрүүлэн бэхжүүлэх талаар Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлага, Монгол төрийн бодлогыг дэмжин Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг Даргын Тамгын Газраас хэрэгжүүлж байгаа олон төсөл, арга хэмжээний нэг нь Улаанбаатар Хотын Нийтийн Ахуй Үйлчилгээг Сайжруулах Төсөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Хорооны Иргэний Танхим” төсөл юм. Дээрх төслийн хүрээнд бусад хороодоос анх удаа Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо “Иргэний Танхим”-тай болж, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолын ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга,  болон тус дүүргээс сонгогдсон  НИТХ-ын төлөөлөгчид оролцсон бөгөөд  НИТХ-ын дарга Д.Баттулга тус арга хэмжээг  нээж  хэлсэн үгэндээ: Өнөөдөр СХД-ийн 7-р хороо нь Иргэний танхимтай болж байгаа нь шууд ардчиллын зарчмаар төрийн үйл хэрэгт та бүхний  оролцоо,хяналт нэмэгдэх боломж бий боллоо. Тиймээс иргэд та бүхэн нийслэлийн төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлэн, өөрсдийн асуудлуудаа иргэний танхимаар дамжуулан бидэнд уламжлаарай гэж онцолсон юм. Нээлтийн үйл ажиллагаанд оролцсон тус хорооны иргэд ч нийслэлийн удирдлагуудад дуу хоолойгоо илэрхийлэх бүрэн боломж бий болж байгаад талархалтай хандаж байгаагаа илэрхийлж байлаа

Tuesday, February 12, 2013

Сар шинийн золголт

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхан Билгийн тооллын XVII жарны Тийн ялгуусан хэмээх усан могой жилийн шинийн гуравны билэгт өдөр Хангарьд ордонд золгоцгоолоо. Нийслэлийн харъяа газар, алба агенлагийнхан оролцсон сар шинийн золголтод үе үеийн хотын дарга нарыг урин авчирсан нь урьд өмнө болж байгаагүй онцлог үйл явдал болсон байна. Хотын ахмад дарга нар хотын удирдлагуудад талархлаа илэрхийлж, хийж бүтээхээр эхлүүлсэн ажилд нь амжилт хүслээ.


Thursday, February 7, 2013

Мэндчилгээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын  эрхэм хүндэт Иргэн танаа!
Ирж буй XVII жарны  “Тийн ялгуусан” хэмээгч Усан могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өлзий дэмбэрэл дүүрэн энэ өдрийн мэндийг хүргэж, амар мэндийг айлтгая.  
Эргэх дөрвөн цагийн аясыг тольдон амьдрал ахуйгаа тэтгэсээр ирсэн монголын ард түмний уламжлалт их баяр сар шинэ ирлээ. Монголчууд бид ёс уламжлалаа дээдлэн, азай буурлуудаа хүндэтгэж, сайн үйл, сайхан ерөөл билэгдлээр ирж буй жилээ угтдаг эртний сайхан заншилтай .

Wednesday, February 6, 2013

Могой жил нийслэлчүүдэд бүтээн байгуулалт ундарсан , амжилтын эхлэл байх болно.

Энэ удаагийн « Нийслэлийн зочин » буландаа НИТХ-ын дарга Д.Баттулгыг урьж, ярилцлаа.

-Удахгүй cap шинийн баяр болох гэж байна. Гарч буй могой жилд хотын өнгө ямар байх бол. Энэ талаарх бодлоо хуваалцахгүй юу?
-Cap шинийн баяр гэдэг монголчуудын уламжлалт ёс заншил, ёслолын өдөр. Мөн энэ баяраар бид бүтән жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, ирж байгаа онд юу хийж бүтээхээ төлөвлөдөг. Өөрөөр хэлбэл, хувь хүн бүр өөрийнхөө ажил, амьдралыг сонжиж, үнэлэлт өгдөг үе шүү дээ. Гарч буй могой жил нийслэл хотод маань өнтэй, өгөөжтэй, үр бүтээлтэй жил болох байх.

Нийслэлийн багш нарт хүндэтгэл үзүүллээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Монголын багш нарын 47 дахь баярыг тохиолдуулан нийслэлийг хөгжүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан багш, ажилтнууд болон өөрийн биеийг үл хайрлан бусдын амь насыг аварч цусаа харамгүй бэлэглэдэг трансфизилогичдын холбооны хүндэт доноруудыг шагнаж урамшууллаа. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн багш Ш.Бямбасүрэн, Мэргэжлийн сургалттай биеийн тамир спортын дунд сургуулийн багш, дасгалжуулагч Б.Гунгаа нарыг “Хангарьд” одонгоор, БЗД-ийн 55-р сургуулийн багш Я.Туяа, СБД-ийн 71-р сургуулийн багш Ю.Цогзол нарын 12 хүнийг Нийслэлийн ИТХ-ын Хүндэт тэмдгээр, СБД-ийн 71-р сургуулийн багш Б.Энхтуяа, СБД-ийн 25 цэцэрлэгийн багш М.Гэрэл-Од нарын 8 хүнийг “Хүндэт өргөмжлөл”-өөр, СБД-ийн 25-р цэцэрлэгийн туслах багш Н.Ичинхорлоо, СБД-ийн бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч С.Дуламсүрэн нарыг “Хүндэт үнэмлэх”-ээр тус тус шагналаа.

Thursday, January 31, 2013

Л.Шагдаррагчаа: Иргэдийн хурлын 45 төлөөлөгч бүгд хууль зөрчсөн тогтоол гаргачихвий гэсэн болгоомжлол надад байна.

2013-01-31-ний өдөр 09 цагаас Хангарьд ордонд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 7-р чуулган эхэллээ. Чуулганд ирэх ёстой 45 төлөөлөгчөөс 41 төлөөлөгч ирж 91 хувийн ирцтэйгээр цагтаа эхэллээ. НИТХ-ын ээлжит 7-р хуралдаанд нийслэлийн Засаг даргын Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат гэр хорооллын 7 байршилд хийх урьдчилсан төлөвлөгөөг танилцууллаа.

Tuesday, January 29, 2013

Хайлаастыг дахин төлөвлөхийг иргэд дэмжлээ.

Агаарын бохирдлын 70 орчим хувийг нь гэр хорооллын жирийн зуухны яндагаас гарч байгаа утаа бүрдүүлж байна гэсэн судалгааг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргажээ. Мөн Улаанбаатар хотод амьдарч байгаа нийт хүн амын 78 хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн статистик мэдээлэл байна. Тиймээс Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн, Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдлыг хангах, хот байгуулалтын зөв бүтэц, хотын оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор гэр хорооллын хэд хэдэн хэсэгт хэсэгчилсэн төлөвлөгөөг урьдчилсан байдлаар боловсруулсан юм.

Monday, January 28, 2013

Нээлттэй хэлэлцүүлэг - Чингэлтэй дүүрэгт

Чингэлтэй дүүргийн 13, 15-р хорооны нутаг дэвсгэрт 15 га газарт дахин төлөвлөлт хийж, барилгажуулах асуудлыг иргэдээр хэлэлцүүлэх НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
2013 оны 1-р сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13, 15-р хорооны нутаг /15 га/ дэвсгэрт дахин төлөвлөлт хийж, барилгажуулах асуудлыг иргэдээр хэлэлцүүлж, зөвшөөрөл авах зорилгоор хийсэн хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Д.Баттулга, НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Отгонбаатар, "Улаанбаатар хотын захирагчийн Дэнжийн мянга, Хайлааст, Чингэлтэй дэх ажлын алба" Нийслэлийн төсөвт үйлдвэрийн газрын дарга Б.Батсүх, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтэн Д.Хан-Уул нар оролцож иргэдийн асуултанд хариулж, тодорхой мэдээлэл өглөө. Дахин төлөвлөлтөнд орохоор төлөвлөгдсөн тухайн бүс нутгийн оршин суугчид хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, уг ажлыг дэмжиж байгаагаа 100% санал нэгтэйгээр илэрхийллээ.

Saturday, January 26, 2013

Нээлттэй хэлэлцүүлэг - Сүхбаатар дүүрэгт

Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 15–р хорооны  зарим хэсэгт хэрэгжүүлэх орон сууцжуулах төслийн талаар нийслэлийн удирдлагууд  тус бүсд  амьдардаг болон аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэдтэй уулзан хэлэлцүүлэг зохион байгууллаа
 58-р сургууль дээр болсон уг хэлэлцүүлэгт тус бүсд амьдардаг болон аж ахуй эрхэлдэг 126 иргэнээс 94 нь  оролцон  санал бодлоо илэрхийллээ